Өө тийм бас хэдэн үг нэмээд хэлэх хэрэгтэй юм байна шүү. Энэ бодол дээр үед хэдэн долоо хоногийн өмнө төрсөн ч бичих зав гарахгүй явсаар байгаад л энэ дээ.
За бодол маань юу вэ гэвэл:
Хэрвээ чи ямар нэг зүйл хүсч байвал тэрнийхээ төлөө зүтгэ. Зүтгэсэн шиг зүтгэ. Хэрвээ чи зүтгэж чадахгүй бол бурхан чамд хүссэн зүйлийг чинь хайрласангүй гэж бүү гомдол.
Аливаа үйлдэл өөрийн гэсэн үр дагавартай байдаг. Түүнчлэн үйлдэлгүй үр дагавар гэж энэ хорвоод үгүй. Тиймээс ямар ч зүтгэл гаргахгүй байж байгаа мөртлөө ямар нэг эерэг үр дагавар хүлээх нь утгагүй хэрэг болно.
Магадгүй би яагаад энэ бодол төрсөн тухайгаа бичсэн нь зөв болох байх л даа. Заримдаа ажил үйлс нь бүтэлгүй байгаа тухай эсвэл одоогийнхоо байгаа нөхцөл байдалдаа сэтгэл дундуур байгаа түүнийхээ тухай гомдоллож байгаа хүмүүстэй би дайралдаж л байлаа. Мэдээж энэ бол хэвийн л үзэгдэл. Гэхдээ дандаа гомдоллож байдаг зарим нэг хүмүүс байнаа. Жишээ нь хайр дурлал нь хэрхэн бүтэхгүй байгаа тухай, дурлалт хүн нь хэрхэн хайхрамжгүй хандаж байгаа тухай гомдоллож байгаа бүсгүй, мөн үр хүүхэд нь ажлаас нь тараад ирэхэд хэрхэн хайхрамжгүй хандаж байгаа тухай, аяга шөл ч хийгээд өгөхгүй байгаа, том болсон үр хүүхдийнхээ хоол ундыг нь дандаа хийхдээ тулж байгаа тухай гомдоллож байгаа ээж, эсвэл сонгосон мэргэжил нь хичнээн утгагүй, үр өгөөжгүй, эсвэл цалин нь муу байгаа талаар гомдоллож байгаа ажилтан гээд л. Зөндөө л жишээ дурдаж болох байна. Энэ бүхэнд байгаа нийтлэг алдаа юу вэ гэвэл, бид өөрсдөө л сонголт хийдэг, тэгээд сонголтынхоо үр дүнг хариуцдаг гэдгийг л уг хүмүүс ойлгоогүй байгаа хэрэг.
Жишээ нь хайр гэж юу вэ миний бодлоор үүнд ямар нэг өгөө аваа, тооцоо, нөхцөл байх ёсгүй. Хэрвээ хүн хэн нэгэн хүнд хайртай гэж бодож байгаа бол тэр хүнийг сайнтай муутай нь сайхантай муухайтай нь хайрлана гэж бодсон л байх гэж төсөөлж байна. Тэгвэл тэр хүнийг хайрлах уу, үгүй юу гэдэг тэр хүний сонголт. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг шиг өөрөө сонголт хийчихээд араас нь уйлж дуулаад байх нь хаашаа ч юм. Мөн тэр ээж ч гэсэн тэр. Өөрөө л насанд хүрсэн хүүхдийнхээ хоолыг л хийж өгч эрхлүүлчихээд араас нь гомдоллож байх. Мэдээж өөрөөс унасан үр минь гээд л хоолгүй ядарчих вий, зутарчих вий л гээд л хайрласан хэрэг байх. Хэрвээ тэгж бодож сонголт хийж байгаа бол дараа нь өөрийнхөө сонголтын араас гомдоллох хэрэггүй л байх. Мэдээж амьдралд заримдаа сонголтгүй, тэр л замаар явахаас өөр аргагүй болдог үе байдаг. Тэгвэл энэ бол өөрөө унасан хүүхэд биш, харин түлхүүлээд уначихсан хүүхэд болох учраас харин гомдоллож болох юм.
Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй ээ гэж...
Ардын маань үг яасан ч үнэн бөгөөд шорвог байдаг юм бэ.
Тиймээ би ч гэсэн тэр өрөө унасан хүүхдүүдийн нэг. Нэгэнт амьдрал надад нимбэг өгсөн юм чинь, давс, такила хоёр олоод найз нарыгаа дуудаад зад наргинаа.
Давс, такилагийн эрэлд би мордлоо...
No comments:
Post a Comment