Дахиад л түүхийн мушгин гуйвуулалт шиг санагдана. Гэвч үгүй юмаа.
Саяхан Үндэсний Газарзүйн нэвтрүүлгээр (National Geography) Хориотой хот болон түүний сүүлчийн эзэн хааны талаар гарч байна. Тэд түүнийг Хятадын сүүлчийн эзэн хаан гэж ирээд л ярих юм (Chinese last emperor). Эхлээд ч яахаараа энэ Үндэсний Газарзүйн нөхдүүд манж, хятад хоёрыг ялгадаггүй байнаа гэж гайхав... Надаас муу түүхчид гэж арай л баймааргүй юм, эсвэл арай албаар...
Гэтэл зарим нэг материал хартал ер нь Хэнри Пу Й гэж хүнийг Хятадын сүүлчийн эзэн хаан гэж Европынхон үздэг юм байнаа. Энд надад юу гэж бодогдвоо гэвэл уул нь энэ хүн бол их манж угсаатны сүүлчийн эзэн хаан нь байж дээ л гэсэн бодол төрсөн юм. Гэтэл одоо энэ хүнийг дэлхийн томоохонд тооцогдох Үндэсний Газарзүйн нэвтрүүлгээр Хятадын сүүлчийн эзэн хаан гэж зарлаж байх гэж. Аягүй бол явсаар нөгөө манай муу Хувилай хааныг ч Хятадын хаан болгох ч хоёр алхмын цаадах юм шиг байна гэсэн муу ёрын бодол.
Уул угсааг нь хөөвөл энэ хүн Нурхачын хүү Абахай хааны байгуулсан Чинг (Qing) (галиглаж бичихдээ буруу бичсэн бол уучлаарай, би монгол хэл дээр энэ талаар уншиж байсан нь үгүй болохоор л) династын сүүлчийн эзэн хаан болж таарч байгаа юм. Гэтэл уг гарвал нь хэдийгээр манж боловч 300-гаад жил Хятадыг ноёлох хугацаандаа аль ч талаараа Хятадаас ялгарахгүй болтлоо ууссан байна. Эцэстээ манж хэмээх энэ үндэстэнээс хэл нь ч, хил нь ч, түүх нь ч, нэр нь ч үлдсэнгүй. Угтаа бол энэ манж хэмээх үндэстэн нь тунгус (хамниган) нүүдэлчид бөгөөд цагтаа бас л цалгиж явсан байгаа юм. Бүр нарийн яривал манай Алтай язгуурын хэлтэй, уйгаржин бичгийг биднээс сүүлд зээлдэн авсан, бидэнтэй элэг нэг ч монголчуудын уугуул дайсан этгээдүүд. Хитаны үед л Бохай гэж байснаа сүүлдээ Зөрчид (Алтан улс гэдгээр нь илүү мэдэх байхаа. Хамаг Монголын хаадуудтай тэрсэлддэг байсан, бүр хор хүртэл өгч үзсэн) тэгснээ Манж нэртэй болсон ард түмэн. Энэхүү Алтай язгуурын нүүдэлчин ард түмэн биднийг 300 гаруй жил дарласан болохоос харийн элэг буруу Хятадууд биш.
Хэрвээ бид энэ ард түмний гашуун түүхээс суралцахгүй бол оройтох нь ээ. Нэг л мэдсэн чинь Хувилай хаан маань Хятадын хаан болчихсон, Монгол гэж хэлэхэд түүхч эрдэмтэдээс өөр хүн тийм ямар үндэстэн байдгийн гэж гайхдаг, Монгол гэсэн хэл ч, хил ч, түүх нь ч, нэр нь ч устаж үгүй болох вий. Тэгвэл Манж ард түмний алдаа нь хаанаа байсан бэ? Аугаа түүхтэй, бүр мянган жилээр яригдах түүхтэй энэ ард түмэн яахаараа сүүлийн ганцхан зууны дотор бүр сураг ч үгүй болов оо? Би түүх сайн мэдэхгүй ээ, ганц хоёр уншсан ном, энэ тэр тэгээд л болоо. Тэгж яривал нөгөө муу ганц хоёр уншсан ном нь жинхэнэ сурвалж бичиг биш, зүгээр л зохиол бүтээл. Үнэн ч байж мэднэ, худлаа ч байж мэднэ. Гэхдээ л өөрийн мунхаглан бодсоныгоо ч юмуу, эсвэл дулимагхан ойлгосныгоо эвлүүлэн тавивал энэ ард түмэн өөрсдөө юу ч хийдэггүй, мэглүү архиний амтанд нь автан ордондоо бүгэн хэвтдэгээс л мөхлөө өөрсдөө дуудаж дээ гэсэн бодол. Харин дарлагдаж буй Хятадууд нь өөрсдөө бүгдийг хийж, улс орноо удирдаж байсан байна. Хүнээр ажлаа хийлгэчихээд өөрсдөө жаргаж хэвтэнэ гэсэн бодол нь том эндүүрэл байж дээ. Ёстой л идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ногоорсон бус уу.
Үүнийг л би хэлмээр санагдаад байгаам. Тэгвэл хэн нэг нь энэ улирсан баларсан түүх, тэр дундаа манай дайсан Манжийн түүх бидэнд ямар хамаа байна гэж эсэргүүцэн бодож мэдэх л юм. Магадгүй ээ. Бидэнд хамаагүй. Гэхдээ л бид тэдний алдааг давтвал яг л тэдний замаар орох вий гэсэн айдас надад төрдөг юм. Өнөөдөр бид бэлэнчилж болно. Маргааш биднийг ямар ирээдүй угтаж байгаа бол гэсэн бодол үргэлж намайг айлгадаг. Бидэнд Хятадаас сурах юм их бий. Адгийн наад зах нь тэд түүхээ дунд сургуульд яаж зааж байна. Гэтэл бид яаж зааж байна. Би тэдэнтэй адил түүхээ худал заа гэж уриалж байгаа юм биш. Гэхдээ л миний багын нэг найз маань ингэхэд Хувилай чинь Монголын хаан байсан юм уу гэж асуусан нь, мөн Өгөдэй чинь Чингэсийн өмнө хаан сууж байлуу гэж асуусныг ер мартаж чаддаггүй юм. Ингээд л түүхээ мэдэхгүй, хайнцах гэж үгийг мэдэхгүй (ямар “ничих” гэсэн үг биш дээ, би л жаахан байхад л хайнцах л гэж ярьдаг байсан юмсан), дулимагхан боловсролтой, дутуухан англи хэлтэй, баасан ахын төрсөн өдрийг гайгүй сайн мэддэг, баар гэж уншиж чаддаг оюутан нэртэй хэдэн мануухайтай л 21-р зуунд аж төрж, амьдрах гэж л үзэж тарах юм биз дээ.
Үүнд л бидний эмгэнэл оршиж байгаа юм шиг санагдах юм. За сэдвээсээ жаахан хадуураад өнөө л нэг хэдэн үйлтэй оюутнуудтайгаа орооцолдчихлоо. Шувуу бол өдтэй амьтан, өдтэй учир бөөстэй, бөөс нь бол гэдэг шиг л гаргалгаа хийчих шиг боллоо :D.
Зиа зиа, би ямар нийтлэл бичиж байгаа биш, бодсоноо л бичиж байна. Тэгэхээр өнөө л бөөсөө ярьсан ч яадаг юм.
Үнэндээ зарим нэг оюутнуудыг харахаар дотор муухайрах юм. Үнэн л дээ, манайд сурах бололцоо тааруу гэдэг. Зарим нэг багш нар юм мэдэхгүй хоосон толгойтой нөхдүүд байгаа нь ч үнэн. Номоор тааруухан гээд л дурьдаад байвал шалтаг мундахгүй ээ. Намайг хэн болчихоод адилхан л оюутан байж номчирхоод унав гэж бодох хүн гарвал “юм мэдэхгүй гэдгээ мэддэгээрээ бусад оюутан нэртэй мануухайнуудаас нэг алхам урагш алхсандаа бодсоноо хэлж байна” гэж би хэлэх байна даа. Яг л “Маргад эрдэнэ хотын илбэчин” дээр гардаг, өөрийгөө мангар гэдгийг мэдээд, тархитай болох гэж мөрөөдөөд л явдаг мануухай юм уу даа.
Гол нь оюутнуудад өөрсөдөд нь их юм байнаа. Юу ч мэдэхгүй байж, тэрийгээ мэдэхгүй зугаа цэнгэлд дуртай. МИУС-ын хичээлийн хоёрдугаар байр заваан байна, автобусны билет энэ тэр жагсаал цуглаан хийхийн оронд орчин үеийн шаардлага хангахгүй болсон хичээлийн хөтөлбөр, эсвэл чанаргүй хичээлийнхээ талаар гомдоллодог, мөнгөө төлсөн хирнээ тэрэндээ таарах үйлчилгээ авч чадахгүй байгаа талаараа гомдоллодог байхад яадаг байнаа. Үнэнийг хэлвэл манай ихэнх оюутнууд ердөө л гологдол бүтээгдэхүүн. Уул нь багагүй мөнгө эцэг, эхээсээ шаналган байж л сурдаг баймаар юм. Аялал жуулчлалын ангийн 4-р курсын оюутан юун Монголын түүхийг мэдэхтэй манатай, Өгөдэй, Чингис хаан хоёрын хэн нь түрүүнд нь амьдарч байсныг мэдэхгүй байхаар чинь хэлэх үг олдохоо больчих л юм байна шүү. Энэ ч болоогүй ээ. Энэ бол ганц л жишээ. Уул нь овоо олон жишээ бичиж болохоор л байна. Эздээс нь айгаад болилоо гэсэн :-P. Гол нь хэтэрхий урт болох нь ээ. Дараа боломж олдвол бүгдийг нь нэг мөр жагсааж бичнээ. Оюутнууд – ердөө л гологдол бүтээгдэхүүн (гэхдээ бүгд биш шүү). Даяаршиж буй өнөөгийн нийгэмд бол хаана ч борлогдохгүй (эцэг эхийн татаасаар л овоо гайгүй л явах юм биз дээ, өнөөгийн Монголын нийгэмд бол).
Өнөөгийн Монгол оюутнууд маань ямар өнгө төрхтэй байна вэ? Хэрвээ Хятадууд Хувилай хаан манай хаан байсан юмаа гэж хэлэхэд урдаас нь хэлэх үггүй, үгүй гэж хэлсэн ч ганц хоёр үгний солиогүй мад тавиулчих, баардах шоудах, коол ми (call me) гэж хэлж чадах ч цаашаагаа англиар эрдэм шинжилгээний өгүүллэг уншчих чадалгүй оюутнуудтай л байх шив дээ. Ядаж л Монголоороо зөв бичдэг, ярьдаг болчихвол. Би ч оюутан байхдаа ойлгож л байвал юу ч гэж ярьсан яадаг юм, бичиж л байвал бас болоо байлгүй гэсэн л бодолтой явдаг байснаа нуух юун. Гэтэл энэ маань уг чанартаа монгол хэл, соёл төдийгүй сэтгэлгээтэй холбоотой гэдгийг ухаараагүй ухвар мөчид сэтгэхүй л байсан юм уу даа. Ядуурсан хэлээр ярьж буй ард түмэн хэзээ ч өргөнөөр сэтгэж чадахгүй гэж л бодогдож байна. Энэ бол ганц миний бодол бишээ. Яг үнэндээ энэ үгийг би хаа нэгтэйгээс л зээлдсэн. Даанч эх сурвалжийг нь санахгүй байна. “->.
Бид одоо тэгж бусдын гарыг харж суугаад л, мэргэжилтэн нэртэй гадаадууд нь ирээд л хамаг ажлыг маань хийж өгөөд л байвал өнөө л Манжийнхаа араас л орох байх даа. Яагаад бид өөрсдөө хийж болохгүй гэж. Яагаад заавал арай ядан гуйж түүж олсон хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тэтгэлэг нэртэй ирээдүй хойчоо, газар нутгаа барьцаанд тавьж байж авсан жаахан ногооноо гадны нөхдүүдэд хадган дээр тавиад гүйх гэж. Манай Засгийн Газар ч гэж засдаг л газар даа. Гадны нөхдүүдэд л засаад л гүйнэ үү гэхээс дотны нөхдүүдэд бол зэсрээд л алга болно. Аргагүй л үндэс угсаа нэгтэй гэсэндээ адилхан замаар явах гэж л бид дурлаад байгаам байлгүй дээ. Адилхан бэлэн хоол идчихээд л мөхсөн шиг. Манжууд манжийнхаа эрхтэнг огтолж үргүй үндэсгүй болгож байсан шиг. Энэнд л уул нь манай оюутнууд арай л өөр байр суурьтай хандах хэрэгтэй юм шиг санагдах юм. Уул нь оюутан гэдэг чинь нийгмийн хөдөлгөх хүч нь болж өгдөг ш дээ. Үүн дээр би бас л нөгөө л “хайртай” Хятадыгаа жишээ болгон татаж чадах юм байна. Саяхны түүхийн жишээ гэвэл Тянь Миний талбай, арай эртнийх гэвэл 1905 оны Тонг-Менг Хуй (Тongmeng Hui) холбоо байна. Бас бус жишээнүүд ч Солонгосын түүхээс ч олж болох байх гэж бодож байна. Оюутнууд л багшийгаа хуурахгүй, сурахаа сурч, амар хялбар хөнгөн замыг хөөхийг биш, харин ч хээрийн галуу нисээд хүрдэггүй газраас нь ч байна уу, хүрдэг газраас нь ч байна уу хамаагүй гол нь эрдмийг өвөртөлж, уудалж, толгойдоо чихэж ч байна уу дурын аргаараа олж ирээд хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм даа.
За за энэ бусдыг хэлэх ч яахав. Өөрийгөө л хичээж явах минь. Энэ бол миний аминчхан магадгүй бэртэгчин үзэл. Гэхдээ би л лав ийм үзэлтэйгээсээ ичдэггүй ээ. Байгаль ээж бидэнд хүртээсэн хишгээс ичих ч хэрэг юу билээ. Иймэрхүү л юмс бодож л арай өөр төрлийн оюутан болох гэж үзэж тарах гээд л байж байна. Хэ хэ. Гэхдээ ч эхлээд амьдар дараа нь философид гэдэг үг ч үнэн санагдаад байдаг юм шүү. Тэгнэ гэвэл ч ондоо төрлийн оюутан болох гэж үзэж тараад ч яах юм билээ. Тэртэй тэргүй коол ми гэж хэлж чадаж л байвал монголдоо бол гайгүй боловсорсоны тоонд ороод, дундач байдлаар амьдраад, хоёр идэхгүй хоосон хонохгүй болоод байгаа юм чинь тийм үү залуусаа. Зиа энэ боловсрох хэрэгтэй үгүй эсэх бол ярианы хүрээнээс халиад явчихжээ. Тэгэхээр энэ хүргээд л бодлоо зогсоогоод нөгөө лайтай илтгэлийнхээ ажил руугаа оръё доо.