Monday, December 3, 2007

Амжилтанд хүрэх мөрөөдөл минь нурж байна...

Хмм. Үнэхээр ангидаа би хамгийн мууд нь орохгүй ч миний удирдагч миний талаар үнэхээр сэтгэл хангалуун бус байнаа. Гол нь би түүний хий гэснийг хийх чадваргүй, сураагүй болохоор л тэр. Үүнд хэнийг буруутгахаа мэдэхгүй юм. Бэлэн юм бидний амруу чихсээр байгаад сургачихсан дунд сургуулийн системийг үү, эсвэл юу ч зааж сургалгүйгээр (тэгсэн мөртөө ичихгүй төлбөрөө авчихсан, аз болоход би үнэгүй дипломоо олоод авчихсан л даа) амьдралд биднийг тавиад туучихсан их сургуулийн системийг үү. Эсвэл өөрийгөө юу.

Үнэхээр хэлэх үг олдохгүй нь. Гол нь би өөрөө буруутай байхаа. Яриад л байдаг, мэдээд л байдаг хийдэггүй. Гэхдээ нэг л юм хийсэн. УУ нас хүрэхээсээ өмнө нэг юмыг хийсэн байна гэж өөртөө амалсан. Үгүй бол хмм, нилээн л хэцүүхэн юм болох байсан даа. Тиймээ би тэр хүсэлдээ хүрсэн. Тэгсэн хирнээ сэтгэл хангалуун бус байхын. Яагаад энэ вэ?

Магадгүй энэ миний өөрийн дутагдлаас болж байгаа байх.

Үүнийг унших надаас залуу хүн байвал тэр хүнд хандаж хэлэхэд энэ хорвоо ертөнц уудам шүү. Юунд хүрэхээ тодорхойлоод юу сурах хэрэгтэй байгаагаа мэдэж аваад тэрийгээ л сурахгүй юм бол юм болгоныг сурна гэж байхгүй шүү гэж хэлэх гэсийн.

Гэхдээ хамгийн гол сурууштай юм нь
Цагаа оновчтой хувиарлаж, хэмнэж сурах

энэ бол үнэхээр барууныхны яс, маханд нь шингэсэн ойлголт. Амжилтын үндэс гэж хэлж болно. Энэ л надад дутагдаад байгаа чанар даа. Үүнийг л би хэрэгжүүлж чадахгүй бол эрдмийн оргилд хүрнэ гэж мөрөөдсөний ч хэрэг алга даа.

Үүнээс гадна
Ажлын хувиарлалт

юуг хэзээ, яаж хурдан хийх вэ гэсэн ойлголт. Гэхдээ энэ бол цагийн тухай ойлголттой хамт явдаг. Хэрвээ цагийн тухай ойлголт байхгүй бол энэ тухай бодоод ч хэрэггүй.

Энэ хоёр бол миний хамгийн хоёр том сул тал. Мөн юу хэрэгтэй байгааг бус юу сонирхолтой байгааг хийх нь миний бас нэг сул тал. Үүнийг өөрөөр

Өөрөө өөрийгөө ялан дийлэх

гэж хэлж болно. Хэзээ билээ уншиж байсан санагдаж байна. Бас хэн гэдгийг нь мартчихаж. За ямартаа ч сонирхсон хүнд гэж хэлэхэд Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь Ш-д байдаг П-гээр эхэлсэн (Плуто, Пифагор аль нь болохыг санахгүй байна) эртний сэтгэгч өөрөө өөрөөсөө хийхэд хамгийн амархан, бас хэцүү зүйл юу вэ гэж асуусан гэдэг. Үүнд өөрөө өөрийгөө ялан дийлэх хамгийн хэцүү гэж хариулжээ. Энэ миний бас нэг дутагдал.

Би энэ бүх дутагдлаа энэ ирэх семестерийн төгсгөл гэхэд зассан байх болно гэж өөртөө амалж байна. Энэ чигээрээ яваад өөрийнхөө сул талынхаа золиос болоод байх хүсэл үнэхээр алга. Тэгээд би юу сурмаар байгаагаа тодорхойлсон болохоор зорилгынхоо төлөө тууштай явах болноо.

Хамгийн сүүлд өөртөө хандаж хэлэхэд

ТЭС, ТЭМЦ, ИТГЭ
ТЭГВЭЛ ЧИ ЯЛНА

Thursday, October 4, 2007

Яг боож үхлээ. Юу юу гэнээ. Хэн нэгэн мангар нь газрын тос бол үнэт ашигт малтмал биш гэж хуулинд тусгасан ч гэх шиг. Тэрнийг нь ашиглаад Тамсагаар дүүрэн байгаа хятадууд манай орны баялгийг ямар ч татваргүй, ямар ч төлбөргүйгээр шахам өөрсдийн нутаг руу зөөж байгаа ч гэх шиг. Энэ чинь юу болоод байнаа. Шаахайгаа чирж ирчихээд баялгаа даахгүй болтлоо гүзээлдэг нь тэдний ч зөв юм уу даа.

Үүнийг адилтгавал хэн нэгэн хөрш чинь орж ирээд л алтан бурхныг чинь хулгайлаад гэх үү, эзнийнх нь хэнэгггүй хариуцлагагүйг нь гэхүү далимдуулаад зөв зүгээр аваад гарчихсантай л адилхан биш үү.

Уур хүрч уушиг сагсайвч, тэр хятадуудыг үзэн ядмаар байвч үнэндээ хэнийг үзэн ядахааа ч ойлгохоо болилоо. Тэр манай баялгуудыг зүгээр л аваад гарч байгаа хятадуудыг уу, эсвэл тэд нарыг авахыг зөвшөөрсөн хэдхэн махан толгойнуудыг уу.

Sunday, September 30, 2007

deЭнэ Америк ч мөрөөдлийн орон биш бололтой. Гэхдээ юмыг яаж мэдэх билээ дээ. Зүтгэж л байя. Гэхдээ тэгээд явж байтал учир нь олдох байлгүй дээ. Тэр талаар бичнээ. Дараа нь...

Thursday, September 20, 2007

Энэ блогоороо оролдох зав гарахгүй юмаа. Гэхдээ л яахав. Өнөөдөр үнэн муухай эхэллээ. Уул нь би ингэнэ гэж бодоогүй л дээ. Энэ муу ярилцлаганд бэлдсэн л юм сан. Гэхдээ үнэндээ бүх юм эсрэгээрээ эргэлээ. Би үнэхээр ярихдаа тааруу гэдгээ дахин дахин баталчихлаа. Хэлэх ч үг алга. Өөртөө уур хүрээд бүр уйлсан гээд боддоо. Яахаараа яг хэрэгтэй үед ярьж чадахаа больчихдог байнаа. Зүгээр л үг орж ирэхээ болиод л гацчих нь тэр. Би юу хэлэх гээд байгаагаа мэдэж байгаа ч яаж хэлэхээ л мэдэхээ больчих юм. Дахиж ийм инээдтэй байдалд ормооргүй л байна. Үнэхээр дахиж ормооргүй байнаа.

Saturday, September 15, 2007

Уйтгартай байна

Уйтгартай байна. Юунаас ч юм гэнэтхэн л уйдчихлаа. Мэдэхгүй юм даа. Юуны төлөөнөө яах гэж яваад байгаагаа ч хаяа хаяа ойлгохоо больчих юм. Нэг л амьдраад л үхэх юм чинь ингэж үхэн хатан явах хэрэг байна уу гэж өөрөөсөө асуух юм. Юуны төлөөнөө яах гэж энд ирсэн юм бол? Сурах гэж. Тэгвэл яах гэж сурч байгаа юм? Сурснаа хэрэгжүүлж юм хийх гэж, бас сайхан амьдрах гэж хариулвал... Юу хийх гэж? бас Сайхан амьдрал гэж юуг хэлэх вэ? Хийх юмны тухайд бол ч толгойд одоо хийсвэр л ойлголт байна. Бас сайхан амьдрана гэсэн мөрөөдлөөс өөр юм алга. Үнэндээ энэ асуултанд хариулт өгч чадахгүй юм байнаа.

Заримдаа өөрөөсөө ингэж асуудаг юм. Тэгэхээр хариулт өгөх гэхээр л гацчихдаг. Үнэндээ амьдралд үржих гэдгээс өөр утга учир байгаа юм гэж үү? Орчин үед бол үржээд байх ч хэрэгцээ алга. Тэртэй тэргүй надтай надгүй хүн төрөлхтөн энэ зорилгоо бүр хэтэрхий сайн биелүүлээд байхад би нэрмээс болоод яахав дээ. Зарим хүн хийж бүтээх гэж хариулж болох л юм. Гэтэл үнэндээ бидний ихэнхийн маань амьдрал шоргоолжны амьдралаас ялгаагүй л байдаг биз дээ. Шоргоолжнууд бүр өрөвдөлтэй. Ажиллаад л байна. Ажиллаад л байна. Яах гэж гэхээр л хатан шоргоолжоо, түүний үр хүүхдүүдтэй нь тэжээх гэж гэсэн хариулт... Үнэндээ энэ нь л тэдний ухамсарт суусан програмчлал. Бурхан анх шоргоолжны генийг бичихдээ л тэгээд биччихсэн бололтой.

Нээрээ бурхан гэснээс бурхны програмчлалын зарим нэг алдааг нь энд дурьдмаар санагдчихлаа. Бурхан анх бүхий л амьтан, ургамал, амьд организмуудыг бүтээхдээ ялимгүй алдаа гаргажээ. 6-хан хоногийн дотор бүтээх гэж яарахдаа зарим нэг зүйлийг хялбарчлаад, үнэндээ залхуураад кодыг нь бичилгүй орхичихжээ. Тэр нь юу вэ гэвэл:

бурхан энэ дэлхийг бүтээхдээ бүх зүйл хэмжээ хязгаартай байхаар бүтээжээ. Тэгээд дараа нь амьд бүх организмыг бүтээхдээ хэмжээ хязгааргүй өсөх эрмэлзэлтэй байхаар кодлочихож. Хэрвээ хэрэглэгдэх нөөц нь дуусвал, эсвэл хомсдвол яах вэ гэдэг дээр даанч нэг анхаарал тавиагүй юм байнаа. Тэгээд л дутуу хийсэн бүтээгдэхүүнээ яавал яаг гээд орхиод бүтэн сайн өдөр амарчихсан байгаам даа. Гэтэл аз болоход бүх юм амжилттай явагджээ. Учир нь бүх л амьд организмууд нь аливаа нэг нөөцийг эзэмшихийн төлөөнөө үхэн хатан явахдаа бие биенээ устгаж, бие биенээ хэт олшрохоос сэргийлж ирж. Түүхэн туршид зарим нэг организмууд дийлэн гарч, байлдааны талбарыг түр зуур эзэгнэвч дараагийн баатар гарч ирээд л урьдах баатрын түүхийг ул болгож байваа. Гэтэл 18-р зуунаас эхлэн ертөнцийн түүхэнд гарч байгаагүй нэгэн баатар тодров. Тэр нь хүн. Эртний мөстлөгийн үед байхдаа сул дорой, хурд, хүч, хараа, сонсгол, үнэрлэх гээд бүх л чадвараараа муу нэгэн зүйл амьтан, ёстой л боривчоороо бор эсгий цувуулсан, ханзархай дээл, хагархай гуталтай нусгай бор хүү гэнэт л дайны од, баатар болж хувирах нь тэр. Тэгээд ч зогссонгүй ээ. Хамаг амьтныг эзэрхийлэн дээрэлхэж, харсан болгоноо цөлмөж, хавьтсан болгоноо түйвээдэг болов гэнэ. Хэтэрхий зэрлэг шүү. За тэгээд гай болж бурхан анхнаасаа үржээд бай, аль болохоор аваад бай, зөвхөн өөрийгөө л бодож бай гэдэг код биччихсэн юм болохоор яахав дээ. Тэр л хуулийг л дагаад амьдраад байх нь тэр. Гэтэл...

Биш юмаа. За ингээд нөгөө гайхал чинь гэнэт тархи гэж юм байдаг гэдгээ санаад бодож эхлэх нь тэр. Энэ бурхан гуайн зааж өгсөн замаар яваад байвал буцахдаа шороо тээж болох юм байнаа гэдгээ ойлгоод л эсвэл ойлгох гэж ядаад л байх нь тэр. Тэгээд л өөрсдийнхөө мөн чанарыг өөрчлөх гэж үзэж тарах нь тэр дээ. За уучлаарай яг ч бурхан гуайн зааж өгсөн зам биш л дээ. Уул нь бурхан анхнаасаа ийм юм болно гэж төлөвлөөгүй л байсан хэрэг. Гай болж л хүн гэдэг гайхал ийм асуудал үүсгэчихлээ. Гэхдээ үүнд бурхан хоёр зүйлд буруутай. Нэгд хэтэрхий амарчилж бүх амьд организмын кодыг нь нэг л янзаар бичсэн хэрэг. Хүнд зориулж ондоо код бичих хэрэгтэй байсан. Үгүй ядаж л кондитион үүсгэж тэгвэл тэгнэ гэж бичих хэрэгтэй байсан. Хоёрт эсвэл хүнд оюун ухаан заяах хэрэггүй л байсан байхгүй юу даа. Тэгсэн бол өдийд би юу болоо гэж ингэж өөрийгөө зовоож цөлж, гуниглаж, бас үүндээ бурхныг буруутгаж (их л далдуур шүү) худлаа л юм сурч байгаа нь энэ гэж хэнхэглэж суух вэ дээ. Тэрний оронд юм олдвол идчихээд, олдохгүй бол дулаахан ноохойдоо олдох болтугай гэж бодоод л олдож байна гэж зүүдлээд л жилдээ нэг үржиж байгаа нь энэ гэж баахан тэнэж тэнэж явж байгаад л чад хийнэ ш дээ. Нэгэн бодлын хэтэрхий жаргалтай амьдралаа гэж...

Худлаа худлаа. Би өөрийнхөө амьдралд хайртай. Хэтэрхий хайртай. Би өөртөө хайртай. Бурхан намайг өөртөө хайртай бай гэж сургасан. Тэгээд л тэр. Бас бус шалтгаан бий. Гэхдээ тэд нарыг би нэг их тоодоггүй л дээ. Жишээ нь манай аав ээж хоёрын амьдралын утга нь бараг л би юмуу даа, тэгэхээр чинь би үхээд өгвөл тэр хоёрын амьдрал утгагүй талаар үрэгдэх гээд байна ш дээ. Тэгэхээр тэгж хоёр хүний хөдөлмөрийг үрэн таран хийгээд яахав дээ тээ, ядахад л нилээн олон жилийн хөдөлмөр шүү. Энэ ч яахав гол шалтгаан биш. Гэхдээ би өөртөө хайргүй байсан үе байсан. Амьдралаас мөрөөдлөө хайгаад олохгүй үедээ, бас яах гэж амьдарч байгаа юм бол гэж асуух үедээ хариултыг нь олохгүй байх үедээ би өөртөө хайргүй болдог байсан. Хамгийн анх тиймээ дөнгөж сургуульд орсныхоо дараахан өөртөө хайргүй болж билээ. Яах гэж амьдраад байгаа юм бол гэж тэгэхэд л анх асуусан цагаас хойш арван хэдэн жил өнгөрчихсөн байна шүү. Тэгсэн хирнээ л хариултыг нь олоогүй л явна. Олох байх гэж найдсандаа бас бурхан намайг өөртөө хайртай бай гэж сургасан болохоор л амьдраад л яваад байна. Хүн төрөлхтөний мэргэн цэцэн ухаан найдах, хүлээх гэдэг хоёрхон үгэнд багтсан байдаг юм гэнэ лээ (Монте Кристо гүн, Александр Дюма). Ямартаа ч энэ үг үнэн гэдгийг би өөрийнхөө амьдралаар л баталж байх шиг байна. Найдаад л хүлээгээд л байна даа. Би заримдаа бурхан минь надад найдвар хайрла гэж гуйдаг. Надад өөр юу ч хэрэггүй ээ. Найдвар байхад амьдарч болно гэдгийг ойлгосон болохоор л өөр юу ч гуйдаггүй.

За за энэ тэнэг ажлаа эртхэн дуусгаад унтахгүй бол солиорох нь...

Tuesday, September 11, 2007

Хэдийгээр олонх нь ялагдсан гэж бодсон боловч үнэндээ мэтгэлцээний ур чадвараар бол ялсан гэж тооцсон байна. Тийм шүү. Гэхдээ үнэхээр бид, магадгүй би буруу зүгт хөтөлчих шиг болсон л доо. За энэ ч яахав. Багахан тайтгарал. Одоо энэ бүх ажлынхаа ард гарчихвал ч. Хүмүүс чинь ямар ч гоё бичдэгийн. Би л лав тэгж амьд бичиж чадахгүй байхаа. За за бичээд л байж дээ.

Monday, September 10, 2007

Амжилтанд хүрэх мөрөөдөл

Өнөөдөр манай баг ялагдлаа. Нэг л сонин бид ялах ёстой байсан юм шиг мэдрэмж төрөөд байх юм. Бид үнэхээр илүү байсан мөртлөө хүмүүсийн дадал зуршил болсон юмны эсрэг ярьсан болохоор л ялагдсан байх гэж бодогдоод байна.

Үнэндээ биднийг хүндхэн сорил угтаж байсан. Биологийн төрөл зүйлийг устахаас аврах хамгийн зөв, магадгүй сүүлчийн арга бол хүн төрөлхтөний моралийн ухамсарыг өөрчлөх явдал юм гэсэн өгөгдөл байлаа.

Үнэхээр одоогийн мөнгө, мөнгөний бодлого дээр суурилсан энэ дэлхий ертөнцөд зөвхөн хүн төрөлхтөний ухамсар дээр найдаж биологийн төрөл зүйлийг хамгаална гэдэг дэндүү өрөөсгөл, дэндүү мөрөөдөлдөө умбасан хэрэг болох нь үнэн ч асуудлын гол нь бид мэтгэлцэж хэн нь өөрсдийн байр сууриа хамгаалж чадсан бэ гэдгээр л дүгнэгдэх ёстой байсан. Гэтэл эсрэг баг асуудалд ямар ч хамаагүй аргументуудыг, тэр бүү хэл анхнаасаа өгөгдөл болгоод өгчихсөн аргументуудыг дэвшүүлсэн хирнээ гол сэдвийг хөндөөгүй, биднийг үггүй болгох асуултуудыг асуугаагүй ш дээ.

Гэхдээ яагаад ч юм манай багийн ялагдал надаас болсон юм шиг сэтгэгдэл надаас салахгүй байна. Бид зөндөө ихийг хийсэн мөртлөө бид яагаад ялагдаваа. Нэг л сонин би хэтэрхий их ярьсан юм шиг санагдах юм. Хэрвээ би тэр үед хэн нэг нь хэлнэ биз гэж бодоод чимээгүй суусан бол яах байсан бол? Манай баг ямаршуухан үнэлэлт авах байсан бол?

Гол нь надад эсрэг багийн нэг л хүний араншин таалагдсангүй. Эсрэг баг гэсэндээ ч биш, өөр төсөл дээр би түүнтэй нэг багт байдаг л даа. Энэ мэтгэлцээн дээр түүнтэй нэг баг болоогүй дээ би үнэхээр баярласан шүү. Тэр ухаантай, бас амьдралд нь хүнд сорилт туулсан, хэтэрхий ихийг алдсан ч байж болох хүн. Гэхдээ түүний хэтэрхий бүр ямар ч үнээр хамаагүй ялахыг хүссэн зан чанар, хэтэрхий бусдыг үл тоомсорлосон байдал нь үнэхээр таалагдсангүй. Гэхдээ түүний араншин намайг өөрөөсөө гэнэт "Би ингэхэд бусдад ямар араншин гаргадаг билээ" гэж асуухад хүргэж билээ.

Би заавал ярьж сурнаа. Би англиар чөлөөтэй ярьж сурна. Надад ялалтанд биш амжилтанд хүрэх чин хүсэл эрмэлзэл байна. Бурхан минь надад өөртөө итгэх итгэл, чин зориг, найдвар, мэргэн ухаан, зүрх сэтгэл хайрла.

Гэхдээ өнөөдөр л би анх удаагаа амжилт, бусдыг ялах хоёрын ялгааг мэдэрлээ. Би амжилтанд хүрэхийг л хүсч байна гэдгээ бас юу юунаас илүүтэйгээр мэдэрлээ.