Буруу ч бай, зөв ч бай энэ бол миний өөрөө өөртөө бичиж байгаа тэмдэглэл. Амьдралын явцад ойлгож ухаарсан зүйлээ тэмдэглэж үлдээж байгаа тэмдэглэл билээ. Тиймээс энэ тэмдэгллүүдийг би хэн нэгэн хүнд зориулаагүй ч гэсэн бас бүх хүнд, тэр тусмаа өөртөө би зориулсан билээ.
Ингэхэд судалгааны ажил гэж юу билээ. Танин мэдэх, шинийг нээх гэсэн хүслээ хангах үйл явц. Тэгвэл энэ үйл ажиллагааны эх үндэс нь юу билээ. Хэн нэгэн хүний сонирхол л байж таарна. Яагаад гэвэл энэ ертөнцөд хүний мэдэхгүй юм нь мэддэг зүйлээсээ олон учир заавал ч үгүй тэдэн дундаас нэгийг нь сонгож авах хэрэгтэй болж байгаа юм. Нэгэнт л бүх л зүйлийг нэг хүн судлаад мэдчихэж барахгүйгээс хойш. Тэгвэл тэр л нэгэн онцлог сэдвээ сонгон авч буй үндэс нь юу билээ гэж асуувал олон хариулт гарч ирнэ.
1. Амьдралтай нэг их холбоотой биш. Уг сэдвийг л сонирхдог. Жишээ нь нэг хүн үнэхээр дасан зохицолт хэрхэн явагдаж ирснийг мэдмээр байж болно.
2. Үүнээс өөр сэдэв сонгож чадаагүй, урсгалын аясаар явсаар байтал энэ сэдэв рүү орчихсон. Би ингэж мэргэжлээ сонгосон олон хүн мэдэх юм байна.
3. Амьдралаас урган гарсан. Амьдралд байгаа асуудлыг хараад түүнийг шийдэхээр шийдсэн. Ихэнх инженерүүд энэ төрөлд харьяалагдах байх гэж бодож байна.
4. Мөн амьдралаас урган гарсан. Тухайн судалгаа явуулж байгаа чиглэлээр нь арай илүү ихээр санхүүжилт олох боломжтой, эсвэл тэр чиглэлээр судалгаа хийвэл төгсөөд ажил олоход амар гэх мэт.
Одоогийн байдлаар бол би энэ дөрвөн шалтгааныг нэрлэж чадах байна. Хэрвээ хэн нэгэн хүн аль нь ч бай нэг шалтгаанаар эсвэл хэсэг бүлэг шалтгаанаар сонирхсон сэдвээ тодорхойлж чадвал, тэр сэдвийнхээ хүрээнд асуух асуултууд бол зөндөө л олон байх болно. Нэгэнт л бид байгалийг бүр тэр чигээр нь танин мэдэж амжаагүй болохоор. Гэхдээ дараагийн шатны нарийвчлалаа хийхэд олон хүчин зүйлс нөлөөлж байна. Үүнд:
1. Тэр сэдвийг хэн ч хөндөж судлаагүй. Энэ төрлийн асуултыг олоход тун хэцүү юм даа. Учир нь зөндөө олон эрдэмтэд янз бүрийн чиглэлээр судалгаа хийдэг болсноос хойш.
2. Амьдралд өндөр ач холбогдолтой. Өөрөөр хэлвэл чухал сэдэв. Гэхдээ л энэ нь маргаантай байгаа асуудал гэсэн үг болохоос биш, шийдэгдсэн асуудал гэсэн үг биш. Бас л сонирхолтой.
3. Хийсэн ажлыг арай өөр аргаар, эсвэл өөр газар, өөр нөхцөлд давтан хийх. Хамгийн сонирхолгүй ч чухал л байж болох асуудал.
Тэгэхээр одоо өөрөө өөртөө дүгнэлт хийеэ. Би яаж яваад хөрсний органик материалтай холбогдчихсон бэ? Сайн бодвол дээр дурьдсан 4 шалтгаан дөрвүүлээ л миний сонголтонд нөлөөлсөн боловч бүр нарийвчлан бодвол 2 дахь шалтгаан нь илүү үнэнд ойртох мэт. Тийм ч учраас магадгүй би яг одоо юу хийхээ сайн мэдэхгүй л яваад байж болох юм. Миний яг одоогийн байдлаар үнэхээр хүсч байгаа зүйл бол, миний судалгаа
1. Миний мэдлэгт тустай байгаасай. Би сурахыг хүсч байгаа зүйлсээ би судалгааны ажлаа хийх явцдаа сурах боломжтой байгаасай.
2. Эргээд тэр мэдлэгээ би Монголд ашиглаж чадах байгаасай. Жишээ нь би далайн амьтны физиологи судалвал Монголд тэрнийгээ ашиглаж чадах нь юу л бол. Тэгэхээр Монголд тулгарах, эсвэл тулгарч болзошгүй асуудалтай ойролцоо чиглэлээр сурвал их л хэрэгтэй байна даа.
3. Миний судалгаа бодит үр дүнтэй байгаасай. Өөрөөр хэлвэл миний судалгааны үр дүн амьдрал дахь асуудлыг шийдэхэд хэрэгтэй байгаасай гэж хүсч байна.
Энэ бүх шаардлагыг хангахын тулд би юу хийх хэрэгтэй вэ?
1. Би юу, ямар чадваруудыг эзэмшихийг хүсч байна вэ?
2. Монголд ямар асуудал тулгарч байна вэ? Эсвэл тулгарч болзошгүй вэ?
3. Би төгссөн хойноо яг ямар ажил хийж, яаж өөрийнхөө мэдлэгийг зарах вэ? Энэ нь хоёрдахь асуудалтай холбоотой юу, үгүй юу?
За за энэ асуудлуудыг нарийвчилж бодноо. Тэгээд дараа нь би өөрийнхөө судалгааны ажлын нарийн дэс дараа төлөвлөгөөг бодох хэрэгтэй юм байна.